Мэдээ

“Монгол улсын гадаад харилцаандаа баримталж байгаа бодлого, үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна”

Цар тахлын хийгээд геополитикийн таагүй нөхцөлийн улмаас хөрш зэргэлдээ орнуудтайгаа хил гаалийн хязгаарлагдмал нөхцөлд байгаа ч энэ цаг үед Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчиллаа. Энэхүү айлчлал 13 жилийн дараа болсон, дэлхий нийтэд, хөрш зэргэлдээ орнуудад улс төрийн байдал ээдрээтэй байгаа цаг үед болсноороо онцлог юм.

Эрхэмсэг ноён Антонио Гутерреш ийм үед манай улсын гадаад харилцаандаа баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг сайшааж, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлтыг өндрөөр үнэлсэн.

Тэрбээр “Монгол Улс бол энхийг эрхэмлэгч, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс юм” гэж хэлсэн нь эв нэгдэл, энх амгаланг ямагт эрхэмлэн дээдэлдэг монгол түмний язгуур үзэл санаа, ёс уламжлалыг өндрөөр үнэлсэн, монгол бахархлыг дуудан сэрээсэн чухал үйл явдал мөн гэж үзэж байна.

Хөрш ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсад ойрхон хугацаанд дараалан айлчиллаа. Айлчлалын үеэр хоёр талын болоод бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцан ойлголцлоо бэхжүүлэх, Иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааныхаа үнэ цэнийг хадгалах, томоохон төслүүдийг эхлүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар хүндрэлийг даван туулж, гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн.

Манай улс дэлхийн улс орнууд, түүний дотор хоёр хөрштэйгээ тогтоосон хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган эрчимжүүлэх шаардлагатай байна. Дээр дурдсан айлчлалуудын үеэр ч энэ асуудал нэн чухлаар хөндөгдсөн. Тиймээс хөрш орнуудын Гадаад харилцааны сайд нарын айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамд шуурхай ажиллах шаардлагатай байгааг анхааруулъя.

Амар амгалан эх дэлхийн төлөөх нийтийн хүчин чармайлтад Монгол Улс бодитой хувь нэмрээ оруулж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого маань дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж буй энэ үед бид улсынхаа дотоод асуудал, хөгжлийн зорилтоо улс, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт нийцүүлэн, ойлголцол зөвшилцлийг эрхэм болгож, нэгдмэл эрмэлзлээр шийдвэрлэх нь нэн чухал байна.  Гадаад, дотоод аль ч талдаа Монгол эх орноо мандуулах нь монгол хүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх ёстой.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button