МэдээНийгэмУлс төр

Ардчилсан Намаас орон нутгийн сонгуулийг шударга зохион байгуулахыг шаардан жагсаж байна

Нийслэлийн Ардчилсан Нам (АН)-аас шударга сонгууль зохион байгуулахыг шаардан Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ны гадна жагсаал зохион байгууллаа. Мөн Булган, Завхан аймгуудад дахин сонгууль явуулах боломжгүй болсон талаар нэр дэвшигчид мэдээлэл хийсэн юм. Тус жагсаалд оролцогчид “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаа зогсоо”, “Хар машины луйвраа зогсоо”, “Сонгуулийн ерөнхий хороо МАН-ын гар хөл болохоо зогсоо” хэмээн бичсэн лоозон барьсан байв.

АН-ын гишүүдийн төлөөлөл хэлэхдээ “Энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тухай хуулийн 9.9 болон 9.12 дугаарт заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн, дахин сонгуулийг Хэнтий, Булган, Завхан аймагт зургаадугаар сарын 19-ны өдрийн Ням гарагт зохион байгуулахаар СЕХ-ноос хоёрдугаар сарын 11-нд товлон зарласан. Гэтэл өнөөдрийн байдлаар Завхан аймагт сонгууль явагдахгүй, Булган аймагт сонгуулийн тухай хууль болон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн нөхцөл үүссэн байгаа. Энэ нь СЕХ-ны буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Завхан аймгийн СЕХ-ны бүрэлдэхүүнд ажиллаж байсан таван гишүүн даргын хамтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил хийхээс татгалзсанаар бүрэлдэхүүнгүй болсон.

Хоёрдугаарт, Булган аймгийн СЕХ нь АН-ыг бүртгэхээс удаа дараа татгалзсан. Сонгуулийн хорооны дарга, гишүүд албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа талаар удаа дараа гомдол хүсэлт гаргасан ч арга хэмжээ авалгүй хойш тавьсаар өнөөг хүргэсэн нь орон нутгийн сонгуулийг будилаантуулах нөхцөлийг үүсгэхэд хүргэлээ” гэв. 

Мөн үргэлжлүүлэн “Орон нутгийн сонгуульд нөлөөлдөг хууль бус үйлдлийг зогсоохоор яг одоо Булган аймагт давж заалдах шатны шүүх хурал болж байгаа. Энэ шүүх хурлыг эсэргүүцэж Улаанбаатарт байгаа Ардчилсан намынхан дээрх шаардлагыг хүргүүлж байна” хэмээн хэллээ. 

АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү “Аливаа эрх мэдэл, тэр тусмаа төрийн бүх шатны эрх хуулийн хүрээнд солигдож, хадгалагдаж, өөрчлөгдөх ёстой. Хуулийн хүрээнд гэдэг нь сонгуулиар гэсэн үг. Хууль бус байвал хувьсгалаар. Гэтэл өнөөдөр хуулийн хүрээнд хийх ёстой ажил нь энэ хүрээнд байж чадахгүй байна.

Сонгуулийн өмнө маш олон нам эвсэл, бие даагч, хувь хүмүүс итгэл найдвар тээн сонгуульд оролцдог. Харамсалтай нь СЕХ нь өөрөө хуулиа дагадаггүй, үнэмлэхүй олон эрх баригчдад хэт дулдуйддаг. Ийм учраас ард иргэдийн сонгуульд итгэх итгэл улам суларч байгаа. Шударга сонгууль болж буй эсэхэд улам итгэхээ больж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button