МэдээНийгэмУлс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал болно

Бага хуралд Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ), Европын холбоо болон дэлхийн 30 орны төлөөлөгчид, Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчид оролцоно.

Мөн дэлхийн зарим улс оронд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нар, энхийг сахиулагч эмэгтэйчүүд, тэдний төлөөлөл цахимаар оролцох юм.

“ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭНХ ТАЙВАН БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРЛААР:
  • “НҮБ-ын цэрэг, цагдаагийн бүрэлдэхүүний жендерийн тэгш байдлыг хангахад улс орнуудад тулгарч буй бэрхшээлүүд болон Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлох”,
  • “Цэргийн албаны бүх шатанд эмэгтэйчүүдийг элсүүлэх, сургах, сонгон шалгаруулахад тулгарах бэрхшээлүүд, сайн туршлага”,
  • “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын бүрэн, эрх тэгш, утга төгөлдөр оролцоог нэмэгдүүлэх нь”,
  • “Монголын эмэгтэй энхийг сахиулагчид: Туршлага сургамж” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

2022 онд Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээсний дотор 911 эмэгтэй алба хаагч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож үг хэлэх үеэрээ Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг 2022 онд өөрийн эх оронд зохион байгуулахаа зарласан юм.

Энэхүү олон улсын бага хурлыг Монгол Улс бүс нутагтаа анх удаа зохион байгуулж буй бөгөөд манай улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоог шинэ шатанд гаргаж, олон талт, идэвхтэй оролцоог бий болгоход чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button