МэдээНийгэмУлс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав


БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хятадын тал дахин нотлов.

Цар тахлын үед ч найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хүмүүнлэгийн харилцаа тэлж, хоёр ард түмний нөхөрлөл нягтран, олон улс болон бүс нутгийн асуудлаарх хамтын ажиллагаа өргөжиж буйг Элчин сайд Цай Вэньруй онцлов.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг БНХАУ-ын зүгээс өндөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлж, хариу захидлыг Элчин сайдад гардуулав.

Монгол Улс гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн хүрээнд БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Мөн цар тахлын хүнд хэцүү үед БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 31 сая юанийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн нь цар тахлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв.

Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал намжаагүй хэдий ч эдийн засаг, тээвэр ложистикийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button