Улс төр

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын системээ хамаагүй оролдсон Шри Ланка улс дампуурчихлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төсөл, хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх боломжтой эсэх асуудлыг гишүүд тодруулав. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: НӨАТ-ын хоёр хувийн буцаалт хэвээрээ, харин тавдугаар сараас сугалаагүй болсон. Уг нь сугалаа тодорхой хэмжээнд хөшүүрэг байсан. Өөрөөр хэлбэл, НӨАТ-тай худалдан авалт хийх, үйлчилгээ авахад далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг байсан. Сугалаагүй болсноор хоёр хувь нь хөшүүрэг болж чадаж байна уу гэхээр арай багадаад байна. Тиймээс НӨАТ-ын буцаалтыг дөрвөн хувь болгосон бол эдийн засгийн хямралтай үед далд эдийн засаг ил болоход, эдийн засаг томроход хөшүүрэг болно. Нөгөө талаас ард иргэдэд санхүүгийн дэмжлэг болох байсан.

Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн үед НӨАТ-ыг их ярьдаг болсон. НӨАТ бол далд эдийн засгийг ил болгодог, бүртгэдэг хамгийн том сонгодог татварын систем байдаг. Мөн төсвийн орлогыг тогтвортой, найдвартай бүрдүүлдэг систем. Тиймээс НӨАТ-ын системийн талаар мэдээлэл дутуу байдлаас болж НӨАТ-ын системийг хөндмөөргүй байна.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх тал дээр нэлээд ярьцгаасан. Өнөөдрийн байдлаар НҮБ-д 193 орон байдаг. Үүний 166 нь НӨАТ-тай. Монгол Улс 10 хувийн НӨАТ авч, хоёр хувийг нь буцаан олгодог. Үндсэндээ найман хувийн НӨАТ-д төлдөг бөгөөд энэ нь дэлхий дээр байгаа 166 орноос бага хувь хэмжээтэй орны тоонд ордог. Хоёр хил хаалттай, дайны нөхцөл байдалтай үед эдийн засгийн чадавхи, боломжийг сулруулж алдмааргүй байна. Тухайлбал, Шри Ланка гэх улс НӨАТ-ын албан татварыг 14 хувь байсныг зургаан хувиар буулгаж, найм болгосон. Үүний хажуугаар коронавирустэй холбоотойгоор нийгэм, ард иргэдэд зориулсан олон арга хэмжээг санхүүжүүлж ард нь гарч чадахгүй байсаар дампуурч, дефолтоо зарласан.

Ийм хүнд нөхцөлд хүн бүхний оролцоо хэрэгтэй байгаа. Азийн хямрал гээд ээмэг, бөгжөө тайлж өгч байсан гэж яригддаг. Гэхдээ бид улсын орлогын суурь болсон зүйлээ хамаагүй хөндмөөргүй байна. Энэ байр суурийг барьж явахгүй бол илүү хүнд байдалд орох эрсдэлтэй. Тиймээс НӨАТ-ын суурийг огт хөндөхгүй гэдэг байр сууриа барьж явах ёстой. Бүгд л НӨАТ-аа төлөө явсан нь зөв. Үүн дээр буцаан олголтыг популизм болгох шаардлагагүй гэж үзэж байна. НӨАТ-ын сугалааг Засгийн газар болиулчихсан байна лээ. Уг нь НӨАТ-ын тогтолцоог сайжруулахад хэрэгтэй зүйл байсан. Гэхдээ нийгмийн хувьд шударга бус байна, нэг хүн азтан болдог нь муухай харагдуулаад байгаа учраас болиулсан юм шиг байна лээ. Сугалаанд бол 19 тэрбум төгрөг зарцуулдаг. НӨАТ-ын нэг хувь нь 180 тэрбум төгрөгтэй тэнцдэг. НӨАТ-ыг нэг хувиар буулгахад 180 тэрбум төгрөгийн асуудал яригдана гэсэн үг.  Тиймээс НӨАТ-аар оролдмооргүй байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button