Улс төр

Төсвийн хэмнэлтийн хууль: Төрийн хэмнэлт хийх чиглэлүүд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.

Сүхбаатарын талбайд болсон залуусын жагсаалын 270 орчим шаардлагын дагуу Засгийн газар ажлын хэсэг байгуулж, мэргэжил, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Засгийн газар олон нийтийн санаа бодлуудыг ангилж, хамгийн их санал ирсэн асуудлаар шийдэл гаргажээ.

1.Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр:

-Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ, хомстолоос сэргийлэх хуулийг өнөөдөр УИХ баталлаа. Энэ хууль батлагдсанаар шатахуун импортлогч нарт шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. Мөн эргэлтийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүрэн шийдвэрлэж, шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин бүрдлээ. Энэ багц арга хэмжээнд нийтдээ 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан.

-Энэ хууль батлагдсанаар гурил, махны үнийг тогтворжуулах боломж бүрдэнэ. Тариаланчдад нөөцлөгдсөн улаанбуудайг төр худалдаж авснаар хомстолоос сэргийлж, болзошгүй хүнсний тасалдлаас урьдчилан сэргийлнэ.

-Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын 5 хувийг энэ оныг дуустал тэглэх саналыг УИХ-д оруулахаар шийдвэрлэв. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих багц арга хэмжээг авч, импортын бүтээгдэхүүний татварыг тэглэснээр үнийг тодорхой хэмжээгээр барина.

-Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болон борлуулалтын НӨАТ-ыг чөлөөлөх шийдвэрийг гаргаж, УИХ-д оруулахаар шийдвэрлэлээ.

-Дотоодын хүнсний үйлдвэрүүдэд нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, хүүгийн татаасыг төрөөс олгох асуудлыг төсвий тодотголд тусгана. Энэ зээл хүнсний ногоо, улаанбуудай, тосны ургамал тарих, хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдэд зээл олгоно.  Энэ багц арга хэмжээ үр өгөөжөө өгнө гэдэгт Засгийн газар итгэлтэй байна.

2.Төсвийн хэмнэлтийн чиглэлээр:

Засгийн газар энэ асуудлыг Төсвийн хэмнэлтийн хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ. Төсвөөс цалинждаг бүх байгууллага энэ хуульд хамрагдана. Энэ хуулиар дараах асуудлуудыг зохицуулна.

-Төрийн өмчит компаниудын дэд захирал, шаардлагагүй албан тушаалыг хуулиар хязгаарлана.

– Төрийн өмчит 39 ААН-ийг олон нийтийн шууд хяналтад оруулж, 34 хувийн IPO гаргах асуудлыг УИХ-д оруулна.

-10 орчим компанийг нэгтгэн нийлүүлж, 10 орчим компанийг татан буулгана.

– Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, орон тоо, ашигтай ажиллах эсэхийг Төсвийн хэмнэлтийн хуулиар зохицуулна.

-Хот суурин газарт том оврын автомашиныг хэрэглэхийг хориглоно. Хөдөө явахаар бол автомашиныг зөвхөн дуудлагаар унана. Төрийн байгууллага такси үйлчилгээ авах замаар төр машинаас татгалзах асуудлыг хуулиар зохицуулна.

-Чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоо нэмэгдүүлэхгүй.

-Гар утасны төлбөр, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах, гадаад дотоод томилолтыг хуулиар зохицуулна.

-Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй. Нийгмийн даатгал, гааль зэрэг албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй.

-Төрийн байгууллагуудын сургалт семинар, зөвлөгөөн, бичиг хэргийг цахимжуулна.

3. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр

Цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодын судалгааг гаргаж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах шийдэл гаргалаа.

Цэцэрлэгт төрөөс төлөх хувьсах зардлыг хоёр дахин нэмэхээр шийдвэрлэлээ.

ААН-үүд өөрийн ажилчдын хүүхдэд зориулан цэцэрлэг байгуулвал татвар, ногдох зардлаас хасна.

4. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах чиглэлээр

Нийгмийн даатгалын шимтгэл маш хүнд байдалд орсон байгаа. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар өнөө маргаашгүй шийдэх боломжгүй. Тиймээс УИХ-тай хамтран үе шаттай шийдвэрлэнэ.

Энэ оныг дуустал төрийн байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлийн компаниудаас бусад  ААН-үүдийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно.

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтод хамрагдахгүй байгууллагууд

-Төрийн байгууллагууд

-Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдүүд

-Газрын тос, уул уурхайн чиглэлийн байгууллагын ажилчид нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг олгохгүй.

Бусад бүх чиглэлийн байгууллагын ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийн ажилтны төлдөг 5 хувийг сар бүр буцаан олгоно. Мөн сайн дураараа нийгмийн даатгал төлөгч иргэн 50 хувийн буцаалт авна. Үүнд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хамаарахгүй.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button