Мэдээ

Тендерийг 30 хоногт зохион байгуулдаг байсныг ажлын 15 хоног болгох хуулийн төслийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.

Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг ойлгомжтой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслийн төсөвт өртгийг хуулиар өөрчлөн баталсан бол гэрээний үнийг нэг удаа нэмэх боломжтой байхаар төсөлд тусгасан байна. Мөн УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөлтэй холбогдуулан тендер шалгаруулалтыг хялбаршуулах, шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх тохиолдолд уг хуульд хамаарахгүй байх, гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнэ 5 хувь байсныг 3 хувь, тендерийн баталгаа 2 хувь байсныг 0.5 хувь болгон бууруулах, зүгшрүүлэх, тохируулах хугацааны барьцаа 5-10 хувь байсныг 5 хувь байхаар тогтоож, барьцааны хугацааг 4 жил байсныг 1 жил, тендерийг 30 хоногт зохион байгуулдаг байсныг ажлын 15 хоногт шийдвэр гаргахаар хуулийн төсөлд тусгажээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Засгийн газраас энэ сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэж, УИХ2ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал,  хуулийн төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг нэмэх талаарх гишүүдийн саналыг тусгах боломжтой, эсэхийг илүүтэй лавлав. 

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, “гол нэрийн гурван бүтээгдэхүүн дээр нэмээд цагаан будаа, элсэн чихэр, эм, эмнэлгийн хэрэгслийг нэмэх талаар Засгийн газар дээр ярилцаад, багагүй судалсан. Эдгээр бараа, бүтээгдэхүүний дийлэнх нь арилжааны хэлбэрээр орж ирдэг тул энэ асуудалд төр нэн тэргүүнд оролцох шаардлагагүй. Харин нэр заасан гурван бүтээгдэхүүн дээр төрийн үүрэг, оролцоогоо хангаад явах нь чухал гэж үзсэнийг тодотгоод эм, эмнэлгийн хэрэгслийн тусгайлсан, чухал бүтээгдэхүүний худалдан авалт, татан авалт, нөөц бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтын ажилд Засгийн газар онцгойлон анхаарч байгаа” гэв.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх тал дээр нэлээдгүй асуудал үүсэж байсан ч тухай бүр Засгийн газраас тодорхой төсвийг төсөвлөж, заримыг нь агаараар татан авах асуудлыг зохион байгуулж байсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа дурдсан. Тэрбээр, манай улсын хувьд эм, эмнэлгийн хэрэгслийн импортыг хувийн хэвшил бүрэн хариуцаж ирсэн. Салбарын яамны зүгээс  дотоодод үйлдвэрлэж байгаа түүхий эд зэрэг тодорхой асуудал дээр гаалийн татварыг чөлөөлөх саналтай байгаа тул хэлэлцүүлгийн шатанд шийдэгдэх байх гэж бодож байна гэв. 

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button