Улс төр

Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар хуулийн төслөө эргүүлэн татжээ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболороос 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн П.Анужингаас 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нараас 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд тус тус хүргүүлсэн албан бичигт 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг татан авч буйгаа мэдэгджээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “… хууль, тогтоолын төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авах үндэслэлээ тусгасан албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хууль, тогтоолын төслөө татан авсанд тооцно” гэж заасан байдаг. Улсын Их Хурал 2021 оны намрын ээлжит чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталж, эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засийн сэргэлтийг эрчимжүүлж, өсөлтийг хурдасгах суурь нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Засгийн газраас 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийн жагсаалтад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тавдугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байгаа аж. Тус төслийг 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Мөн улсын хөрөнгө оруулалтын бодлого бодитой хэрэгжих, эдийн засгийн өсөлтийг хангах, стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг тодорхой болгох, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Цаашид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, чанартай хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зарчмын хувьд хуулийн этгээдийн аль ч хэлбэрээр аливаа төрлийн эдийн засгийн үйл ажиллагааг эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхээр Засгийн газар зорин ажиллаж, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийг татан авч буйгаа нэр бүхий гишүүдийн албан бичигт дурджээ. Эл албан бичгийн танилцуулснаар дээрх хуулийн төслүүдийг татан авсанд тооцох талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулжээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button