Гадаад

Сербийн Ерөнхийлөгч төвийг сахихаа илэрхийлж, Белградад Оросыг дэмжсэн жагсаал боллоо

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич тус улс цэргийн төвийг сахисан статусаа үргэлжлүүлэн хадгалж, НАТО-д гишүүнээр элсэхгүй гэж мэдэгдлээ.  

Тэрээр ням гаригт Сербийн Бака-Паланка хотод болсон сонгуулийн кампанит ажилд оролцох үеэрээ “Хэзээ ч үгүй гэж хэлж болохгүй. Манай улс хэзээ нэгэн цагт НАТО-д элсэж магадгүй. Гэхдээ миний бодлоор Серби улс НАТО-д элсэх шаардлагагүй. Бид цэргийн төвийг сахисан статусаа хадгалж, дотоодын нөөц бололцоогоор цэрэг армиа хөгжүүлэх ёстой” гэжээ. 

Мөн үүнтэй зэрэгцэн Сербийн нийслэл Белград хотод ням гаригт ОХУ-ыг дэмжсэн авто жагсаал болсон байна. Оросын төрийн мэдлийн “TASS” агентлагийн мэдээлснээр Белград хотын төвд болсон жагсаалд 200 гаруй мотоцикл, автомашин оролцсон аж. Дэмжигчид Серби, ОХУ, Луганск болон Донецкийн далбааг мандуулж, Владимир Путины зургийг барьж жагсжээ.  

Александр Вучич ирэх сарын 3-ны өдөр болох 2022 оны Сербийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд, өөрийн хоёр дахь бүрэн эрхийн төлөө өрсөлдөж байгаа юм. Тэрээр өмнө нь, Серби улс Украины асуудалд байр суурь илэрхийлэхэд маш төвөгтэй байгаа. Учир нь Серби улс төр, эдийн засгийн хувьд Европын холбоог сонгож, Украиныг тууштай дэмжиж ирсэн. Гэвч тус улсын хүн амын 85 хувь нь ОХУ-ын талд зогсохоо илэрхийлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хувиар маш хэцүү сонголттой тулгараад байгаагаа илэрхийлж байв.  

Түүнчлэн, Вучич өөрийгөө өмнөх эрх баригчдаас ялгаатай нь Сербийн армийг татан буулгахаас татгалзаж, улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн 5 жил төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа зэвсэгт хүчний чадамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэж тодорхойлдог.  

Сербид 2000 оны эхээр барууны талыг баримтлагч хүчин төрийн эрхэнд гарч, тус улсын  батлан хамгаалахын зэвсэглэлд шинэчлэл хийх зорилгоор, олон тооны цэргийн бааз, зэвсэгт хүчний стратегийн байгууламжуудыг зарж, танк, хуягт машин, пуужин болон зэр зэвсгийг хоёрдогч түүхий эд болгон худалдаж байв. Серби дэх АНУ-ын “US Steel” компанийн ган хайлуулах үйлдвэрт олон жилийн турш тус улсын зэвсэглэлд ашиглаж байсан ЗХУ-ын үеийн “T-55” танк хайлуулсан байдаг. Улмаар 2012 онд  “US Steel” компани ган ашиггүй болсон тул Сербийн Засгийн газарт ердөө нэг ам.доллараар хайлуулах үйлдвэрээ худалдаж байсан түүхтэй.  

Сербийн Батлан хамгаалах яамны тоо баримтаар тухайн үед тус улс 200 ширхэг “Т-55” танк, 121 ширхэг “M60” хуягт машин, 77 ширхэг “M36” өөрөө явагч танк эсэргүүцэгч, 88 ширхэг “M38” их буу, 36 ширхэг агаарын довтолгоо эсэргүүцэгч “ZSU-57-2” өөрөө явагч зенит их бууг хоёрдогч түүхий эд болгон зарсан аж. Мөн 9218 ширхэг “Strela-2” танк эсэргүүцэгч пуужин, 420 ширхэг “Strela-2” танк эсэргүүцэгч пуужин хөөргөгч, 23 мянган ширхэг бууг НАТО-тай хамтран устгасан байна.  

Эх сурвалж: TASS 

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button