Гадаад

​Украины дайны нөлөө Крымийн дайнаас авсан Монголын шархыг сэдрээнэ

ОХУ 2014 онд Крымийн хойгийг эзэлсний дараа барууны орнууд Москвагийн эсрэг өнөөдрийнх шиг хориг тогтоож байв. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн тодорхойлсноор манай хоёр хөршийн өнөөгийн улс төр, эдийн засгийн “хад мэт бат бөх” харилцаа энэ үеэс эхэлсэн түүхтэй. “Ах нарт” Хятадаас өөр сонголт үлдээгүй тул Оросууд Хятадын “Бүс ба зам” санаачилгыг дэмжин, хариуд нь Бээжин Москвагаас газрын тос, байгалийн хий, нүүрс худалдан авч, худалдааны нийт эргэлт нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Улмаар Путин-Ши нар ШХАБ-ын индерээс хундаг тулгах болоод удав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын нээлтийн үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, хоёр улс бүх чиглэлд саадгүй хамтран ажиллахаа тунхагласан.

Манай хөршүүд АНУ болон тэдний холбоотнууд гэх нийтлэг “дайсантай” гэх үндэслэл бий. Гэхдээ үүнийг орхиё. Угаас дайныг хэн ч хүсээгүй. Ялангуяа манайх шиг хөршүүдээсээ хараат жижиг орнууд их гүрнүүдийн зөрчил, дайсагнал дунд хамгийн их хохирдог. Тиймээс бидний хувьд тогоон дотроо Орос, Украин болж талцах нь цаг нөхцөөхөөс өөр ямар ч үр ашиггүй. Эсрэгээрээ Европт болж байгаа дайнд бид эдийн засгаараа шархдахгүй байх нь чухал. Крымийн дайнаас авсан шархаа сэдрээхгүй байх нь одоохондоо Монголын эдийн засгийн аюулгүй байдал юм. Дайнаас ашиг горьдох нь хүний хамгийн адгийн араншин. Гэвч Украины дайны өрнөл бидэнд аль хэдийн ашиглаж чадвал эерэг, эс бөгөөс сөрөг шинж тэмдгүүд харуулж эхэлсэн.

Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэхийг мэдэгдсэн өдөр дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханш тонн тутамд 202.5 ам.доллар байв. Харин дайны эхний 12 хоногт 459 ам.доллар болж, 2.2 дахин өссөн байна. Энэ бол хүн төрөлхтөн нүүрсний үнийг бүртгэж эхэлснээс хойших түүхэн рекорд ханш юм. Харин Хятадын зах зээлд коксжих нүүрсний ханш даваа гаригт 8.66 хувь өсөж, тонн тутамд 3136 юань хүрчээ. Бидний хувьд энэ бол нүүрсний экспортоос орох орлого өсөх эерэг хүлээлт юм. 

Товчхондоо, Орос-Украины дайн, Москвагийн эсрэг барууны хоригийн нөлөөгөөр дэлхийн зах зээл дээрх байгалийн хийн үнэ өсөж, Европ тивд эргээд нүүрсхүчлийн эрэлт өссөн нь нүүрсний үнийг огцом түлхэх гол шалтгаан болжээ. Зөвхөн Германд л гэхэд нүүрсний импортын хэмжээ сүүлийн 33 сарын рекорд түвшинд хүрээд байна. Мөн дайныг эсэргүүцэж ОХУ-аас гарсан барууны компаниуд дунд Оросын нүүрснээс татгалзсан олон компани бий. Дээр нь, Японы хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч “Tohoku Electric Power” тэргүүтэй компаниуд дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлэх үүднээс бизнесийн зарчмаар ОХУ-аас өөр орноос нүүрс импортлохоор хайж эхэлснээ зарлалаа. Японы зах зээлд Австрали, Индонез далайн тээврээр өрсөлдөх нь тодорхой.

Харин нүүрсээ зарж чадахгүй болсон Оросуудад дахиад Хятадаас өөр зах зээл үлдэхгүй. ОХУ-ын нүүрс экспортлох хүчин чадал өнөөдрийн байдлаар бараг дээд цэгтээ тулаад байгаа. Дээр нь барууны орнууд “Made in Russia” гэх шошготой бүхнээс татгалзах болсон зэргийг авч үзвэл ОХУ-ын нүүрс Ази, тэр дундаа БНХАУ-ын зах зээл рүү чиглэх нь хэнд ч ойлгомжтой.

Магадгүй Оросын банкууд “SWIFT”-ээс хасагдаж, Хятадын Төв банк болон “ICBC” банк ОХУ руу ам.долларын гүйлгээ хийхээ зогсоосон. Тиймээс Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлд ганцаар ноёрхох боломжтой гэдэг өнцөг байж болно. Гэвч даваа гаригт Оросын томоохон банкууд ихэнх нь Хятадын “UnionPay” системд шилжиж байгаагаа зарлаад байна. Ийнхүү Москва-Бээжин хоёр төлбөр тооцооны асуудлаа богино хугацаанд шийдчихлээ. Тэгвэл зуун дамнаж өнгөрсөн түүхийг сөхөлгүй зөвхөн өнгөрсөн 8 жилийг харвал манай хөршүүд биесээ түшихээс өөр сонголтгүй болох нь бидэнд л муугаар тусаж ирэв. Тухайлбал, 2014 оноос хойш БНХАУ-д нийлүүлэх ОХУ-ын нүүрсний экспортын хэмжээ 185.2 хувь өсөж, бид байрандаа үлджээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button