Нийгэм

Мэдээллийн санд бүртгэл ороогүй бол “Оюутан цэрэг”-т хамрагдахгүй

Хоёр жил завсарласан “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг энэ жилээс цахимжуулсан. Тус хөтөлбөрт нийт 300 оюутан хамрагдах бөгөөд сургалтын бүртгэл гуравдугаар сарын 10 хүртэл “e-mongolia” системээр бүртгэл үргэлжлэх юм. Сургалтад хамрагдах хүсэлт өгсөн бүх оюутан хамрагдах боломжгүй. Өнгөрсөн жилүүдэд тавьж байсан тодорхой шалгуур хэвээр аж. Тодруулбал, тухайн оюутны суралцаж буй сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх, 2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн байх, бакалаврын өдрийн ангийн нэгдүгээр курсийн оюутан байх зэрэг юм. Мөн 2022 оны зургадугаар сарын 15 гэхэд 18 нас хүрсэн байх ёстой.

Оюутнуудын зүгээс ирж буй түгээмэл асуултын тухайд голч дүн, нас байна. Голч дүнгийн хувьд 2.8-аас дээш байх юм.

Хэрэв шалгуур олдсонгүй гэсэн мэдэгдэл ирж байгаа бол тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд хандаж, өргөдөл, гомдол гаргах хэрэгтэй аж. Учир нь тухайн сургууль нь оюутнуудын мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн санд оруулж буй. Тиймээс тус мэдээллийн дагуу “e-mongolia” оюутнуудын хүсэлтийг хүлээж авч байгаа гэсэн үг юм байна. Боловсролын мэдээллийн санд тухайн оюутны мэдээлэл ороогүй бол энэ удаагийн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломжгүй.

Харин бүртгэл баталгаажуулалтыг Батлан хамгаалах яамнаас “e-mongolia” системд бүртгүүлсэн хүүхдүүдийн хүсэлтийг харгалзаж хийх юм байна. Үүний дараа оюутнуудыг харьяа дүүргийн цэргийн штаб дээр нь дуудаж, бие бялдрын шалгалт авна. Тус шалгалтад тэнцсэн хүүхдүүд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах боломжтой гэсэн үг.

Тэгэхлээр “e-mongolia” системд нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсэг гэсэн гурван сонголтоор нэвтэрч орсон ч бүртгэл хийж болохгүй байгаа оюутнууд сургалтын албандаа хандах хэрэгтэй гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Жилд дунджаар 5000 гаруй оюутан тус хөтөлбөрт хамрагдах хүсэлт илгээдэг байна. Энэ жилийн төсөвт  314 сая төгрөг тусгасан. Энэ нь 300 гаруй хүүхэд хамрагдах боломжтой төсөв. Цар тахлын улмаас хоёр жил оюутан цэрэг аваагүй. Тиймээс хоёр, гуравдугаар курсийн оюутнууд хамрагдах боломжгүй. Зөвхөн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагдах боломжтой байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button