НийгэмЭдийн засаг

Хөгжлийн банкны зарим чанаргүй зээлдэгчийн дансыг хааж, үл хөдлөх хөрөнгө, барилгыг битүүмжиллээ

Хөгжлийн банкийг хүнд байдалд оруулсан ААН-үүдийн нэрс өнгөрсөн сард ил болсон. Тус банкийг 2011 онд байгуулсан ч нийт зээлийн 53 хувь нь чанаргүй актив байгааг Монголбанкнаас хийсэн хяналт шалгалтын үр дүнд тогтоожээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө:

-Хөгжлийн банкнаас өнгөрсөн сарын 28-нд албан бичгээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг бидэнд ирүүлэв. Энэ дагуу хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.   

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг эргэн төлүүлэхийн тулд 13 дансыг хааж, 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, нэг үйлдвэрийн барилга, нэг лицензийг битүүмжлэн, хязгаарлалт тогтоожээ.

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн 52 зээлийн мэдээллийг АГТ хүлээн авсан. Эдгээрт “Хөтөл”, “Бэрэн групп”, QSC, “Ачлал трэйд” зэрэг багтсан. Тэгэхээр 52 зээлийг АТГ дэлгэрэнгүй шалгана.

“Бэрэн” группиийн захирал Мөнхтөр, ТОСК-ийн захирал Н.Гантулга, хэлтсийн дарга асан н.Батбаатар, хотын дарга асан Э.Бат-Үүл  нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээр шийдсэн. Энэ хэрэгт нийт 11 хүн холбогдсон юм. Энэ бол Хөгжлийн банкнаас бидэнд хандахаас өмнө шийдсэн хэрэг. 

Хөгжлийн банкны анхны захирал асан Н.Мөнхбатын хэргийг мөн шүүх шийдсэн. Н.Мөнхбатын хэргийг шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэхдээ түүнийг ажлаа хийх явцдаа нэр бүхий компанид давуу байдал олгосон тул Хөгжлийн банканд хохирол учруулсан гэж үзэн, 8 тэрбум төгрөгийг давуу байдал олж авсан компаниар эргүүлэн төлүүлэх шийдвэр гарчээ. Энэ хохирлыг төлсөн эсэхийг та бүхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулаарай.   

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Бид өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа явуулах болно.

Хөгжлийн банкны дараагийн захирал болох Батбаярыг шалгах ажил одоо үргэлжилж байна.

Дээрх 52 зээлийг 

  • Хуулийн дагуу, банкны журмын дагуу олгосон эсэх, зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх, хахууль авсан эсэх,  улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулан шалгаж байна.

Мөн Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг авч байна.

  • Зээлийг зориулалтын бусаар ашигласан бол гэрээг цуцлах, зээлийг эргэн төлүүлэхзээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох, зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөлийг тогтоох, эздийн нууцлаг хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажиллаж байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлсөн. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд 52 зээлийн ард бий гэсэн мэдээлэл гарсан ч хууль бүх хүнд шударга үйлчлэх ёстой.

Цаашид иргэд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа илүү сэрэмжтэй байж, аль нэг банкны барьцаанд байгаа, эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, хуулийн байгууллагаас ямар нэг хязгаар тогтоосон эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна. Жишээ нь “Гантиг вилла” гэж төсөл байна. үүний 9 блок Хөгжлийн банкны барьцаанд байна. Мөн хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон. Энэ хотхон УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл ашиг сонирхолтой компанийн барьсан хотхон юм гэв.   

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button