Нийгэм

Шадар сайд Замын-Үүдэд тээвэрчидтэй уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар нарын албаны хүмүүс Замын-Үүд боомтод тээврийн жолооч нартай уулзан цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байна. Тэд Дорноговь аймаг болон Замын-Үүд сумын удирдлага, хилийн боомтод ажиллаж буй Ажлын хэсэг, тээвэрчдийн холбоо болон тээвэр хийж буй жолооч нарын төлөөлөлтэй уулзав. Шадар сайд С.Амарсайхан хилийн дундын бүсэд боломжоо ашиглан тогтвортой ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Монгол Улсын шадар сайд С. Амарсайхан

Тээвэрчдийн төлөөлөл Замын-Үүд боомтод байгаа жолооч нарын автомашиныг дарааллын дагуу хилээр оруулж болохгүй юу гэсэн хүсэлт, саналыг тавьж байв. Жолооч нар зохион байгуулалтаар тээвэрт оролцох нь нээлттэй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэлж, гол нь халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын дэглэмийг сахиж, хяналттай, хариуцлагатай байж тээвэрлэлтийг тогтвортой явуулах нь чухал байгааг онцлов.


Тэрээр, “Цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалиар орох ачаа бараа саатаж, улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнэ нэмэгдэхэд хүрч байна. Хаалттай байсан хил гаалийг гурван сарын дараа нээх гэж байгаа учраас төр, засаг халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, бараа тээвэрлэлтийг таслалгүйгээр явуулах зорилгоор тодорхой ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулж байгаа эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд авто тээвэрлэгчид та бүхний үүрэг оролцоо чухал байна” гэдгийг хэлэв.

Шадар сайд тэргүүтэй албаны хүмүүс Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс нутгийн ложистик төв”, Гаалийн бүрдүүлэлтийн албаар орж, ачаа тээврийн ажлын бэлтгэлийг шалгалаа. Албаны хүмүүс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button