Мэдээ

Монгол төрийн хойморт “Жангар” тууль хайллаа.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хойморт энэ удаа туульч, Жангарч Цагаанзам уригджээ. Энэ нэвтрүүлэг тэр чигээрээ тууль мэт, Монгол туургатны нэгэн тасархай, Ижил мөрний эргээс “ижил”-ээ эрэх Халимаг түмний туулсан түүх, нүүдэлчдийн туулийн түүхийг Цагаанзам хайлах мэт болжээ.

Тууль бол ерөөсөө аливаа үндэстний хэр эртний, хэр давтагдашгүй хэл соёл, утга зохиол, түүхтэй болохыг илэрхийлэх үндсэн шалгуур. Хомерийн Одиссейн дуулалаас Вольфганг Гётё-гийн Фауст хүртэл хүн төрөлхтөний сэтгэлгээний хязгааргүй орчил, иргэншлийн амин сүнс туульд бий. Өрнөдөөс ялгаатай нь аман дамжлагаар уламжлагдан өнөө үед хүрсэн Монгол тууль нь Монголчуудын хувьд зөвхөн уран зохиол, урлагийн нэг хэлбэр төдий зүйл огтхон ч биш. Туулийг сүсэг бишрэлийн дээд хэлбэр, ариусах, хүчирхэгжих, ялахын шидийг агуулсан дагшин зүйл гэж үздэг байсан учраас тууль хайлах нь асар нарийн дэг жаягтай зан үйл байжээ. Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлж, Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлдэг. Энэ нь бөө хүн бөөлөхийн өмнө өөрийн онгод их тэнгэрүүд, уул уус, газар лусын эздийг залж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирүүлдэгтэй яг адил зан үйл юм.

XIII зууны монголчуудын хүчирхэгжин мандсаны үзэл санааны үндэс нь тэнгэризм байсан учраас монголын баатарлаг туульсын үйл явдал, тууль хайлах зан үйл нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг. Аян дайны өмнө заавал тууль хайлуулж, цэргийн сүр, хийморийг бадраадаг байжээ. Монгол баатрууд тулалдаанд орохдоо товшуураа аван хөөмийлөөд, хоолойн хархираа үүсгэн дайсан руугаа дайран ордог байв. Манжийн ноёрхолд 300 жил байсны дараа Монголчууд газар нутгаа чөлөөлөх анхны аян дайн хийсэн нь 1912 оны 5 сард эхлээд, мөн оны 8 дугаар сард дууссан Ховд хотыг чөлөөлөх тулалдаан билээ. Шийдвэрлэх тулалдаан эхлэхийн өмнөх орой туульч Парчин “Бум-Эрдэнэ” туулийн хэсгээс хайлж, Жалханз хутагт Дамдинбазар, гавж Нүрзэд нарын хориод лам Ямаат улааны орой дээр лүүжин тавьж, ном уншсаар үүр цайлгаж, хутагтын гал асааж дохио өгөхөд бүх цэрэг Ховд хот руу зэрэг дайран оржээ. 

М.Парчин туульч

Оросын Иргэний дайны үед Халимаг цэргүүд шөнөдөө Жангарын туулийн Хонгорын бүлгийг сонсоод дайсны эсрэг мордоход дийлддэггүй байсан гэж ЗХУ-ын баатар Очиров бичсэн байдаг. 

Евроазийн хавтгайд тархан суусан монгол угсаатны 1000 орчим тууль бий гэдэг. Монголын туулийн ноён оргил болсон Жангар Ойрадад анх зохиогдож, дэлгэрсэн билээ. 14-р зууны үеэс Ойрадууд асар хүчирхэгжиж, Хятадын Мин улсын эзэн хааныг хүртэл олзолж байв. XVI зууны эхнээс ойрадууд баруун зүгт нүүдэллэж, Алтайн нуруу, Эрчис мөрний дээд урсгал хавиар нутаглах болжээ. XVII зууны эхнээс ойрадууд томоохон нүүдэл хийх болов. 1608 оноос эхлэн Торгууд аймгийн ихэнх хэсэг баруун тийш нүүж, 1620-оод оны эцэст Ижил мөрний савд очиж суурьшжээ. Мөн Хошууд аймаг өмнө тийш нүүдэллэн, Хөх нуурыг эзэлж, улмаар Түвэдийг хүртэл захирах болов.1758 онд Зүүнгар улс Манж Чин улсад эзлэгдсэний дараа 1771 онд Ижил мөрний Торгуудын зарим хэсэг эх нутагтаа эргэн ирсэн бөгөөд тэдний үр хойчис өнөөгийн Монгол Улсын Ховд аймаг болон БНХАУ-ын Шиньжааны ойрадууд билээ. Жангар тууль Ойрадын үр хойч болсон Орос дахь Халимагууд, Монгол, Шинжааны Ойрадуудын дунд хадгалагдаж байна. “Жангар” туулийн Халимаг, Ойрад Шинжаан, Монгол гэсэн үндсэн гурван хувилбар байгаа. Халимаг “Жангар” тууль нь нийт 28 гаруй бүлэгтэй. Монгол “Жангар” 20 орчим бүлэгтэй, Шинжаан “Жангар” 70 гаруй бүлэгтэй. 

Ээлэйн Овлай.

Халимаг Монголын их туульч Ээлэйн Овлай (1851-1920) Ижил мөрөний хөндий дэхь ойрад-монгол аймагуудын дотор ихээхэн алдаршиж байжээ. 1908-1910 оны хооронд эрдэмтэн Очирын Номт 10 бүлэг, 8000 гаруй мөр шүлэг бүхий “Жангар”-ыг Ээлэйн Овлайгаар хайлуулан, бичиж сийрүүлжээ. Энэ туулийн мөрөөр Оросын монголч эрдэмтэн В.Л.Котвич Халимагаар аялаж, Жангарын судалгаа дэлхийд танигдах эхлэлийг тавьсан юм.

Бид цөөхүүлээ гэж ярьдаг ч үнэндээ түүхийн хувь зохиолоор дэлхий даяар тархан суурьшсан 10-11 сая монголчууд байдаг. Дэлхийн Монголчууд хэдэн зуун жилийн турш үндэс язгуураа хадгалан, үндэстэн, соёл, уламжлалыг нь устгахыг оролдсон бүх гэсгээн цээрлүүлэлт, гай зовлонг даван туулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргав. 2019 он

2019 оны 01 дүгээр сарын 29-нд Ерөнхийлөгч Х.Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг буулгаж, жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосон юм. Энэ бол тууль ЮНЕСКО-д бүртгүүлсэн болохоор зөвхөн эртний ёс уламжлал, хэл соёлынх нь хувьд хамгаалж буй хэрэг биш юм. Харин нийт Монгол туургатны голомт тусгаар тогтносон төр соёл, уламжлалаа нэгтгэн зангидах үүргээ дархлан баталгаажуулсан хэрэг билээ.

100 эрхэм нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хамгийн сонирхолтой нь Монгол Улсын Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Цагаанзам Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Жангар туулиа хайлж байна.

15-р зуунд Чингис хааны эзэнт гүрэн задран бутарч, харь нутагт суурьшсан Монголчууд эх нутагтаа очихоор тэмцэж байлаа. Гэвч олонхи нь замдаа учирсан дайсантай тулалдаж, зорьж тэмүүлсэн нутаг орондоо хүрч чадаагүй юм. Гэхдээ цөөн ч атугай Монголчууд язгуур болсон эх нутагтаа очиж чадсан төдийгүй төр улсынхаа залгамж холбоог хойч үедээ даатган үлдээжээ. Монголчууд түүхийн нугачаанд мандаж, бөхсөөр зургаан зууныг туулахдаа нийт Монгол туургатнаа нэгтгэх туйлын хүсэлтэй байсан. Богд хаанаас Чойбалсан хүртэл Монголын удирдагчид бүгд л энэ зорилгын төлөө тэмцэж, амь амьдралаа зориулсан.

Монгол туургатны голомт нь болсон Монгол Улс дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудаа алдаршуулж, соёл, уламжлалаа дээдлэх нь цаг үеэс үл хамааран үеийн үед үргэлжлэх ёстой хувь заяагаар оногдсон түүхэн үүрэг билээ.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн учир зорилго ч чухам үүнд зангидагдаж байна. Цагаанзам “Жангар” туулиа хайлна. Тэнгэр “Би Монгол хүн”, “Диваажин” дуугаа дуулна. Даши Намдаков “Чингис хаан”-аа урлана. Чи Булаг морин хуураа тоглоно.

Монгол төр, Монгол үндэстний орших дархлаа нь Монгол бахархал юм. Монгол бахархлыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд мөнхөлж байгаа эрхэм бүхэнд мэхийн талархая.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button