Мэдээ

Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан Ялтын гэрээг ил болгожээ

ОХУ Эх орны дайны ялалтын 75 жилийн ойг угтан Дэлхийн II дайны үеийн зарим баримт бичгийг улсын нууцаас гаргав. Үүний хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн яам өөрийн албан ёсны веб сайтдаа 1945 оны хоёрдугаар сарын 2-11 өдрүүдэд Хар тэнгисийн эрэг дээрх Оросын Ялта хотноо тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын удирдагч Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвелт болон Их Британийн Ерөнхий сайд Уинстон Чөрчиль нарын хооронд болсон хэлэлцээр буюу Ялтын гэрээний 55 хуудас бүхий нууц баримтыг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулжээ.  

Холбоотон улсуудын  тэргүүн нарын  бага хурал 1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Ялтад болж, 8 салбар хуралдаан хийжээ. Бага хурлаар Нэгдсэн үндэстний дэлхийн байгууллага байгуулах, чөлөөлөгдсөн Европын тунхаглал, Герман дахь Холбоотнуудын эзэмшлийн бүс, Европын улсуудын хилийн тухай, дайны төлбөр, дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, 14  зүйл бүхий  Протокол бичигт Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зуржээ.

     Ялтын бага хурлын үеэр, 2 дугаар сарын 8-нд  И.В.Сталин, Ф.Рузвельт нар Гадаад Монголын статус-кво-г  хадгалах,  Японы эсрэг цэргийн ажиллагаа явуулах болзлын талаар товч ярилцаж,  10-ны өдөр  ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов  “Японы эсрэг ЗХУ дайнд орохтой холбогдсон маршал Сталины улс төрийн нөхцөл” нэртэй гэрээний төслийг гардуулжээ.  Оройн салбар  хуралдаан дээр  ЗХУ  нь  Герман бүрмөсөн бууж өгснөөс хойш хоёр, гурван  сарын дараа, тодорхой болзолтойгоор  Японы эсрэг дайнд орохоо албан ёсоор мэдэгдэв.  

   1945 оны 2 дугаар сарын 11-нд “Алс Дорнотын асуудлаар Гурван Их гүрний хэлэлцээр”  байгуулагдаж, нэгдүгээрт, Гадаад Монголын (БНМАУ-ын) status quo-г хэвээр хадгалах, хоёрдугаарт, 1904 онд Японы итгэл эвдсэн довтолгооноор эзлэгдсэн Оросын эрхүүдийг сэргээх, гуравдугаарт, Курилийн арлуудыг ЗХУ-д шилжүүлэхээр заасныг Ф.Рузвельт, У.Черчиль И.В.Сталин  нар зөвшөөрөн  гарын үсэг зуржээ.

      Ийнхүү тухайн цагийн дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлогч Их гүрнүүд БНМАУ-ын статус кво-г хүлээн зөвшөөрсөн нь  тус улс бие даан оршиж, тусгаар тогтнолоо олон улсад баталгаажуулахын төлөө улс төр, гадаад бодлогын идэвхитэй үйл ажиллагаа явуулж,  фашизмын эсрэг тэмцэлд хүч бололцоогоор туслан оролцсоны үр дүн байв. Түүнчлэн Холбоотон улсуудын Японы эсрэг цэргийн ажиллагааныхаа нэг чиглэл  БНМАУ-ын нутаг дэвсгэрээс, тус улсын цэрэг хүчний оролцоотойгоор хэрэгжих болсонтой ч мөн холбоотой.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button