Мэдээ

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГ ШИНЭ КОРОНАВИРУСИЙН АСУУДЛААР ХУРАЛДАВ

Эрүүл мэндийн яамнаас дэлхий дахинд хурдацтай тархаж байгаа шинэ коронавирусийн халдварын асуудалтай холбогдуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтарсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн яам дээр зохион байгуулагдсан тус уулзалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн 22 байгууллагын 27 төлөөлөгч оролцлоо.

Тус хурлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний асуудлаар танилцуулга хийж, Шинэ коронавирусийн тархалтын дэлхий дахины сүүлийн үеийн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар  ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч С.Диордица  нэмэлт тодруулга хийлээ.
Мөн Халдварт өвчний дэгдэлтийн үед идэвхижин ажиллах Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч ХӨСҮТ-ийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулгыг сонслоо.   

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  хэлсэн үгэндээ:  Бид ард иргэдийг эрсдэлээс сэрэмжлүүлэх, Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангуулах  гэсэн үндсэн 2 чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна.

Мөн Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох байгууллагууд, ард иргэдэд  тогтмол мэдээлэл хүргэж ажиллаж байна. Иргэдээ эрсдэлээс хамгаалахад чиглэсэн сэрэмжлүүлэх хуудас, инфографик, нийтлэлийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж,  тогтмол цагт мэдээг шинэчлэн хүргэж байна.

Эрүүл мэндийн салбарын бэлэн байдыг хангах хүрээнд тусгай эмнэлэг бэлтгэх, түүний ажиллах орчин, техник, тоног төхөөрөмжийг бэлэн болгохоор ажиллаж байна. Шаардагдах санхүүгийн тооцооллыг гаргаж  Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсэн, тодорхой хэмжээнд асуудлыг шийдвэрлүүлсэн.  

Энэ хугацаанд Монгол улсад тохиолдол бүртгэгдээгүй байна. Сэжигтэй тохиолдол бүрийг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах ажлыг тасралтгүй хийж байна.  Дэлхийн хэмжээнд бараг хамгийн анхны зориулалтын урвалж ашиглан шинжилгээ хийсэн орны тоонд орж байна.  

Эмнэлгийн бэлэн байдлыг хангах чиглэлд нэн шаардлагатай байгаа зүйлс бол эмнэлгийн мэргэжилтнээ эрсдлээс сэргийлэх, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл тэр дундаа “N95” амны хаалт их хэмжээгээр хэрэгтэй болж байна. Бусад тоног төхөөрөмжийн хэрэгцээ ч мөн шаардлагатай байна гэсэн юм.

Олон улсын байгууллагын төлөөлөгчид асуулт асууж, холбогдох хүмүүс, байгууллагуудаас хариулт сонслоо.
Эцэст нь НҮБ-ын  суурин төлөөлөгч Тапан Мишра ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтын ажиллагаатай байж,  холбогдох бүх арга хэмжээг авч ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой нийтлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button